Saturday, December 19, 2009

америк тивийг хэн нээсэн бэ?

Колумбын аялал
Генуя хотоос гаралтай Христофор Колумбын толгойлсон, Испанийн эзэн хааны ивээлийг хүртсэн, “Санта-Мария”, “Пинта”, “Нинья” хэмээх 3 хөлөг онгоц бүхий далайн экспедиц 1492 оны 8 сарын 3-нд өмнөд Испанийн Палос боомтоос Атлантын далай руу аялалд гарав. Энэ экспедиц нь европчуудын хувьд ид шид, үлгэр домгийн орон байсан Энэтхэг хүрэх баруун чигийн дөт замыг тодорхойлох зорилготой байжээ. Колумб эхлээд баруун өмнө зүгийг чиглэн хөвж Канарын арлууд, тэндээс баруун зүг аялан мөн оны 10 сард Багамын арлууд хүрсэн байна. Эндээсээ өмнө зүг хөвөөд Их Антилийн арлуудын хамгийн том болох одоогийн Куба аралд очжээ. Куба арлыг нээгээд дараа нь Гаити аралд хүрч, тэндээсээ нутгийн зүг жолоо залан, цор ганц “Санта-Мария” хөлөгтэйгээ Испанид буцаж очсон гэдэг. Колумб хоёр дахь, гурав дахь аяллынхаа үеэр Бага Антилийн арал, Пуэрто Рико, Ямайк арал, эцэст нь Өмнөд Америкт хүрсэн байна. Тухайн үед Колумб өөрийгөө шинэ тив нээсэн гэж мэдсэнгүй, Испаниас өрнө зүг хөвсөөр Азийн аль нэг эрэгт хүрсэн гэж бодож явж. Европ ч тэгж бодож байлаа. Энэ бол Америкийг хэзээ хэн нээсэн тухай хүн бүхний мэддэг түүх. Хүн төрөлхтөн Колумбад талархаж, жил бүрийн 10 сарын 12-ныг түүний өдөр болгосон. 1992 онд, Христофор Колумб Америкийг нээсний бүр хагас мянган жилийн ойг Дэлхий даяар тэмдэглэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Колумб ба түүний багийнхан Америкийг нээсэн анхны хүмүүс биш ажээ. Тэгвэл хэн байж таарах вэ?
Норманнуудын аялал
Эртний Исландын “Landnamabуk” (“Газар орныг (Исландыг) байлдан эзэлсэн тухай ном”), “Helendingabуk” (“Исландын тухай ном”) зэрэг туульсад “азтай” хочит Лейв Эрикссон хэмээгчээр толгойлуулсан 35 норманны Гренландаас баруун зүг хийсэн аялал болон тэдний нээсэн нууцлаг Винланд гэдэг газрын тухай өгүүлдэг байна. Норманнууд гэж хэн бэ? Манай эриний VIII-XI зууны дунд хүртэл Европийн умард болон баруун эргийн дагуух бүх газар нутгуудад айдас төрүүлж байсан, харгис догшин далайн дээрэмчдийг тухайн үеийн загалмайтны Европт норманнууд гэж нэрлэдэг байв. Энэ нь “умардын хүмүүс” гэсэн утгатай үг юм. Дээрэмчид Европийн умардад орших Скандинавийн хойг (ялангуяа Норвеги) ба Даниас гаралтай байсан учраас ийнхүү нэрийдсэн. Өөрөөр тэднийг бас викингүүд гэдэг байжээ. Нэг дэхь мянган жилийн сүүлээр норманнууд буюу скандинавчууд Францын баруун эргийн нутаг, Их Британийн хагасыг эзэлж, Атлантын далайн хойд хэсгийн Шетланд, Оркней, Гебрид, Фарерын арлууд болон Исланд бас Гренландад очиж, сууршьсан байна. Бүр Газрын Дундад тэнгист ч викингүүд дээрэм, тонуул хийж байсан баримт бий. Эндээс үзэхэд өндөр том биетэй, хүч чадалтай энэ ард түмэн бас гайхамшигтай далайн аялагчид байжээ .Харин туульсад дурдагдсан тэр учир бүтүүлэг Винланд хаана байсан талаар Европ, Америкийн эрдэмтэд 250 гаруй жилийн турш маргалдаж иржээ. Лейв Эрикссоны аялал болон Винландын тухай хамгийн анх 1705 онд дани-норвегийн түүхч Турмад Туфлеус дурдсан. Тэрээр, Винланд бол Нью-Фаундлендын арал юм гэж дүгнэсэн байхад 1757 онд Шведийн түүхч Георг Вестманн, Винланд бол Виржини (АНУ-ын муж улс), 1759 онд данийн түүхч П.Сум, Винланд нь Виржиниэс өмнө зүгт орших, усан үзэм ихээр ургадаг Каролин мужийн нутаг дэвсгэр байсан гэх мэтээр тайлбарлаж байлаа. 1812 онд түүхч М.Мальте-Брюн, Винланд бол Нью-Фаундленд гээд норманнуудын Винланд руу хийсэн аяллын маршрутыг Колумб мэдэж байсан хэмээн анх удаа мэдэгджээ. Харин Норвегийн алдарт далайчин Фритьоф Нансен Винландыг хоосон үлгэр, домог гэж үзэж байв. Гэхдээ Лейв Эрикксон бол Эрик Раудийн хүү гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд энэхүү Эрик Рауда нь нутагтаа (Исландад) хүн амины хэрэг үйлдээд, 3 жилээр цөлөгдөж явахдаа 985 онд Гренландыг нээсэн, түүхэн хүн юм. Иймээс ихэнх судлаачид “азтай” Лейвийн аялалыг бодит түүх гэж үзэж байсныг тэмдэглүүштэй.
Бусад нь
Хойд Америк болон Европын эртний ард түмнүүдийг судалсан Канадын судлаач, зохиолч Фарли Моуэт шинэ тивийг нээсэн анхны хүмүүс нь европын мөхөж, алга болсон үндэстнүүдийн нэг болох альбанчууд юм гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Түүнийхээр бол норманнуудаас даруй зуугаад жилийн өмнө альбанчууд хойд Америкт очсон аж.
Эрт дээр цагийн олон судар, шастирыг сөхөхүйд үлгэр, домог, үнэн худлын аль нь мэдэгдэхгүй зүйлс олон таардаг байна. Ийм олон “домгийн” нэг нь XVIII зуунд францын хятад судлаач Жозеф де Гиний олж, хөрвүүлсэн "Лян улсын дөрвөн хааны тэмдэглэлүүд" хэмээх хятад шастирт дурдагдсан байна. МЭ 499 онд буддын санваартан Хуэй Шэнь холын аянаас эргэн иржээ. Хуэй Шэнь Хятадаас дорно зүгт, 40 мянган ли (ойролцоогоор 10 мянган км) зайд орших том улсын тухай өгүүлж, тэр орныг Фусянь гэжээ. Мөнхүү де Гинь 1761 онд “Америкийн эрэг рүү хийсэн хятадуудын аялал” бүтээл хэвлүүлсэн бол 1865 онд өөр нэг франц “Америкийн соёл иргэншлийн буддын язгуур” ном хэвлүүлж, түүндээ майя, ацтекийн соёлын олон элемент нь магадгүй хятадуудын нэвтрүүлсэн буддын соёлын үр дүн юм гэсэн байна. Юутай ч дээрх домгийг судалсан орчин үеийн судлаачид Хуэй Шэнь үнэхээр Америкт, одоогийн Гватемалаас хойшоо, харин Калифорниос урагшаа орших газруудад байжээ гэсэн дүгнэлт хийгээд байгаа юм. Хэрэв энэ үнэн бол Хуэй Шэнь Америкийг нээсэн цор ганц ази хүн бололтой. Аристотель, Сенека, Сицилийн Диодор гэх мэт эртний Грек, Ромын түүхчид далайн дунд орших, өнөр өтгөн ой модтой, өргөн уудам гол мөрөнтэй учир битүүлэг арлын тухай дурдсан байдаг. Манай зуунд археологичид Өмнөд болон Төв Америкийн нутгаас МЭ II-III зуунд хамаарах грекийн баримал, шавар ваар, Ромын зоосон мөнгөнүүд олжээ. Бас АНУ-ын Массачусетс муж улсын эргээс МЭ IV зуунд хамаарах зоосон мөнгөнүүд олдсон байна XIX зуунд археологичид Бразилиэс финикчүүдийн үлдээсэн гэх бичгийн дурсгалыг олж, түүний жинхэнэ эсэх талаар маргалдаж байлаа. Финикчүүд бол Бага Азиас гаралтай, Газрын Дундад тэнгисийг нэг хэсэгтээ ноёрхож байсан далайн гайхамшигт ард түмэн. Өөрөөр хэлбэл тэд МЭӨ үеийн “викингүүд” байсан юм. Тэдний соёл иргэншлийн оргил үе нь Умард Африкт, одоогийн Тунисын нутагт байгуулсан Карфаген хот байсан. Дараа нь АНУ-ын нутаг дэвсгэрээс эртний бичгүүд удаа дараалан олдох болов. Тэднийг тайлбарласан нь үгүй. Невада мужаас олдсон эртний бичгийг эхлээд индианчуудынх гэж үзсэн боловч энэ нь финикийнх байлаа (зур.4). Гэх мэтээр тайлбарлагдаагүй олдворууд, үлгэр домгийн мэт мэдээ баримтууд, тэдгээртэй холбоотой таамаглалууд (магадгүй зарим нь уран зөгнөлт) олон байна. Эдгээрийг бүгдийг дурдаж баршгүй ээ.
Америкт очсон анхны хүмүүс
Тэгээд Америкийг хэн нээв ээ? Ер нь “нээсэн” гэж юу гэсэн үг вэ? Чухамдаа, өөрсдийг нь тэнд очиход таарсан нутгийн хүмүүсийг, Колумб энэтхэгчүүд байна гэж бодоод “индианчууд” гэж, харин Эрикссон “скрелингүүд” гэж нэрлэсэн байна. Тиймээс хэрэв “нээсэн” гэдэг үгийг шууд утгаар нь хэрэглэвэл бүр мянга мянган жилийн тэртээгээс, дивангарын үеэс тэнд амьдарч ирснээрээ индианчууд анхдагч болж таарна. Ортодокс шинжлэх ухаан хүнийг Африкт (эсвэл Төв Азид?) үүссэн гэдэг. Өөрөөр хэлбэл Америк тивд хүн өөрөө бий болоогүй. Тэгвэл индианчууд гаднаас очсон байх нь мэдээж. Хаанаас?
Хагас зуун мянган жилийн өмнө, Агуу их мөстлөгийн үед Ази, Америк хоёр Берингийн хоолойд хуурай газраар холбоотой байж. Өнөөгийн Төв Ази, Монголын нутгаар эрт дээр цагт амьдарч байгсад (Ч.Эрдэнэ гуайнхаар бол өвөг Монголчууд) умар зүг нүүдэллэн, одоогийн Сибирь, Якутад суурьшиж, бүр цаашаа аялан “Берингийн гүүрээр” шинэ тивд хөл тавьж, Америкт очсон анхны хүмүүс болсон билээ. Тэд бол хожим нь цагаан арьстан булаан эзлэгчдэд эрийн сайнаар нь биш харин зэвсгийн сайнаар нь дийлэгдэж, газар орноосоо хөөгдөн, дарлагдаж, зовсон, бүх индианчуудын өвөг дээдэс байсан юм. Иймээс хэрэв “Америкийг хэн нээсэн бэ” уралдааныг хэзээ нэгэн цагт зарлавал ялагчид оногдох Лаврын навч нь биднийх болж мэдэх л юм, тийм ээ? Норвегийн нэртэй судлаач, зохиолч Хельге Ингстад (1900-1991), Винланд гэдэг үг латин хэлний “vine”(“усан үзэм”)-ээс үүдэлтэй “Усан үзмийн орон” биш харин эртний германы “vin” буюу “бэлчээр”-ээс гаралтай “Бэлчээрийн нутаг” гэсэн утгатай хэмээн үзжээ. Тэгээд далайн аяллын үргэлжилсэн хугацаа, далайн урсгалуудын чиглэл ба хурд, норманнуудын хөлөг онгоцны чадвар, чансаа болон эх газрын Америкийн зүүн хойд хэсэг, арлуудын ургамал, амьтан, газарзүйн бусад өгөгдлийг туульсаас тодорхойлохыг оролдсон байна. Эдгээр өгөгдлийг орчин үеийн судалгааны үр дүнтэй харьцуулсны эцэст тэрээр Винланд бол Нью-Фаундленд арлын хойд төгсгөл, Ланс-о-Мидоуз гэж нэрлэгдэх хошуунд байна гэж дүгнэв. 1960 онд Ингстад тэндээс үнэхээр ямар нэг суурингийн туурь олжээ. 1961-1964 онд тэр 5 орны судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн археологийн экспедицийг удирдан, тэнд малталт явуулж, судалгааны үр дүнд туурийн нас норманнууд Винландыг нээж байх яг тэр цаг үетэй давхцаж буй нь тогтоогджээ. Ингээд 1964 оны намар Ингстад Нью-Йорк хотод эрдэмдтийн өмнө, дараа нь АНУ-ын конгрессын гишүүдийн өмнө илтгэл тавив. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон 10 сарын 9-нийг Лейв Эрикссоны өдөр болгон тэмдэглэх хуулийн төслийг баталснаар “азтай” Лейв шинэ тивийг нээсэн анхны хүн болж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм. Сонирхолтой нь одоо Эрикссоны болон Колумбын өдрийг аль алиныг нь тэмдэглэдэг байна. Америкийг хэрхэн нээсэн тухай албан ёсны 2 түүхийг дээр дурдсан. Гэвч шинэ тивийг хэн нээсэн бэ гэдэг асуулт өдий хүртэл судлаачдын “хэрүүлийн алим” байсаар буй. Түүхийн улбаагаар мөшгин одвол Америкийг хэн, хэзээ нээсэн байж болох тохиолдол, учралууд нэг бус мянган жилийн гүн рүү зурайж болзошгүй нь.
1503 онд “Novus Mundus” (“Шинэ Тив”) нэртэй ном хэвлэгджээ. Энэ номын зохиогч, далайчин Америго Веспуччи, Колумбын очсон газар бол Novus Mundus юм аа гэдгийг анх хүн төрөлхтөнд ойлгуулжээ. Тиймээс энэ шинэ тивийг Веспуччийн нэрээр Америк хэмээн нэрийджээ.
1995 онд хэвлэгдэн гарсан “Трой - Атлантидын нийслэл” номондоо зохиогч Костас Сократус Америкийг нээсэн хүн бол Одиссей (!) гэсэн байх юм. Сохор туульч Гомерын зохиолыг сайтар судалсны дүнд тэр ийм дүгнэлтэнд хүрчээ. Түүнийхээр бол Одиссейн төрөлх нутаг Итак нь Грект биш харин одоогийн Ямайк арал дээр байсан болж байгаа юм. Түүх, археологийн нарийн судалгаа явуулсны үр дүнд америкийн инкүүд эртний грекчүүдтэй адил нэртэй, бас соёлтой байсан гэдгийг тогтоожээ...

No comments: