Saturday, December 19, 2009

сэргэн мандалтын үе гэж юу вэ?

ΧΙV-XV зуунд Баруун Европт нийгэм-эдийн засгийн амьдралд өөрчлөлт гарч, сэргэн мандалтын үе эхэлсэн. Зах зээлийн харилцаа үүсч, Европын үндэстнүүд төлөвшиж, нийгмийн харилцаа шинэчлэгдсэнээр улс төрийн сэтгэлгээ шашны нөлөөнөөс улам ангижирч, философиос хэсэгчлэн салан тусгаарлагдаж үр өгөөжтэй онол болон хувирсан байна.
Тухайн үеийн нийгэм-улс төрийн онолд, төвлөрсөн төрийн асуудал гол байр суурь эзэлж байжээ. Феодалын бутралыг даван туулах, шашны хандлагаас үндэсний тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн сонирхлоос дээрх асуудал урган гарчээ. Сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгчдийн тоонд Флоренцын Николо Макиавеллиг (1469-1527) зүй ёсоор оруулдаг. Н. Макиавелли төр улс болон улс төр нь бурхны бүтээл бус, хүний нийгмийн үзэгдэл гэжээ. Түүний үзэж байгаагаар улс төр гэдэг нь тодорхой нөхцөл байдлын хүрээнд илэрч буй хүний эрх чөлөөт эрмэлзэл бөгөөд түүнийг хүний амьдралын жам ёсны хууль, хүний сэтгэл, санаа бодол тодорхойлдог харин бурхан, ёс суртахуун үүнд огт хамаагүй гэжээ. Улс төрийн үйл ажиллагааны гол сэжим нь бодит сонирхол, шунал, баяжих хүсэл гээд төрийн хуулийг оюун ухаан, туршлага тодорхойлдог гэсэн байна.
Ёс суртахууныг үгүйсгэсэн, хүчирхийлэл дээр тулгуурласан улс төрийн бодлогыг түүний нэрээр нэрлэж, макиавеллизм гэсэн баримтлал бий болжээ. Гэвч энэ нь түүний дэвшүүлсэн үзэл санааг илт хялбарчилж, дутуу ойлгож байгаагийн илрэл юм. Хорон санаа хүчирхийлэл Н. Макиавеллийн хувьд туйлийн үнэт зүйл биш, түүнд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй гэж тэрээр үзжээ. Төр улсыг нэгтгэн нэг жолоонд оруулан зангидан хөгжүүлэхэд албадлагыг ашиглах бүрэн боломжтой төдийгүй зайлшгүй харин иргэдийг ингэх хэрэггүй хэмээн сануулжээ.
Төр улсыг өөрчлөн байгуулах, шинэчлэх тохиолдолд нэгдмэл засаглалтай байх нь тохиромжтой ч засаг туйлшран хэт төвлөрөх нь засаглагчийг мөн олон түмнийг их эвддэг тиймээс бүгд найрамдах удирдлагын хэлбэр нь засаглал хэрэгжих үлэмж оновчтой хувилбар гэжээ. Н. Макиавелли улс төрийн шинжлэх ухааны судлагдахуун, судалгааны аргыг томъёолсон нь түүний том гавъяа гэлтэй. Тухайн шинжлэх ухааны судлагдахуун нь засаг харин харин судалгдахууны арга нь ажиглалт гэжээ.
XVI-XIX зууны хөрөнгөтний хувьсгалын үед улс төрийн сэтгэлгээний түүх аривжин зузаарч, улс төр ч эрчимтэй хөгжиж байв. Хувь хүний эрх чөлөөг боомилсон феодлын төрийн дарангуйллыг устган, үгүй хийх үзэл санаа эхэн үед давамгайлж байсан байсан. Хожим нийгмийн бүлэгт анхаарлаа төвлөрүүлэн шинжилгээ хийж эхэлсэн байна. XVII зууны хоёрдугаар хагасаас либрализм, консерватизм, коммунизм зэрэг үзэл суртал төлөвших үйл явцын эх тавигджээ. Эдгээр үзэл суртлын үнэт зүйлс дээр тулгуурлан улс төрийн сэтгэлгээ засгийн мөн чанар, засаг тээгч, түүний нийгмийн үндэс, хэрэгжүүлэх хэрэгслийг шинжилж, тодорхойлох оролдлого хийж байжээ.
Бие хүний эрх чөлөө, жам ёсны эрх иргэдийн амьдралд төрийн оролцоог хязгаарлах зэрэг үнэт зүйлс либерализмын улс төрийн онолын үндэс болдог. Хувийн эзэмшил, аж ахуй эрхлэх, өрсөлдөөн зэрэг нь бие хүний эрх чөлөөний мөн чанарыг ойлгон, учрыг нь олоход чухал хувь нэмэртэй төдийгүй, өмч хүнийг эрх чөлөөтэй болгодог “шидтэй” хүч, зайлшгүй нөхцөл гэдэгт либерал үзэл төгс итгэлтэй байна.
Иргэд өөрийн жам ёсны эрхийг бүрэн хамгаалуулах зорилгоор нийгмийн гэрээ хэлэлцлийг төртэй хийснээр эрх чөлөө хэрэгжих боломж бий болдог бөгөөд төр иргэдийн эрх чөлөөг ханган баталгаажуулах гол хэрэгсэл гэж либерализм үздэг.
Английн философич Томас Гоббс (1588-1679) “Левиафан” зохиолдоо төрийн онолыг боловсруулжээ. Хүн бол амиа бодсон, аймхай хулчгар, шунахай амьтан, тиймээс ч “хүн хүндээ чоно” болж байдаг. Энэ нь ч хүний зүй ёсны бодит төрх. Хүмүүс хоорондоо дайсагнах учир байхад энэ хүнд хэцүү тогтолцооноос гарах ухаан бас заяасан хэмээн Т. Гоббс тэмдэглэсэн байна. Хүн үхлээс айдаг өөрийгөө хайрлан хадгалах далд увидас нь дайн мөргөлдөөний хүнд байдлаас гарах нөхцөл, арга замыг олж тогтоодог. Тэр нөхцөл нь Т. Гоббсийн үзэж байгаагаар хууль юм. Эмх замбараагүй байдлаас гарах арга нь нийтийн хэлцэл хийж, нийгмийн гэрээ байгуулах явдал гэж Т. Гоббс тодорхойлжээ. Өөрийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хүмүүс төр байгуулж түүнд өөрийн “хувь заяаг” даатгах болжээ. Засгийн дээд эрх мэдлийг төр эдэлж, дэг тогтоох цагдаагийн үүрэг гүйцэтгэхээс гадна хүмүүжил, гэгээрлийн үйл ажиллагаа эрхэлж мөн шагнал урамшил, цээрлэл үзүүлэх ёстой болжээ. Хуулиар хориглоогүй бүхнийг чөлөөтэй хийх эрхтэй гэсэн номлол ХVΙΙ зууны Англид дэвшилттэйд тооцогдож байв. Төр дээд зэргийн эрх мэдэлтэй байх нь чухал гэж Т. Гоббс үзээд хаант засгийг шүтэн эрхэмлэж байлаа. Т. Гоббс бие хүнийг бараг бүхэлд нь төрийн засагт захируулсан ч түүнд эсэргүүцэх боломжийг олгох хэрэгтэй гэж үзэж байв.
Либерализмыг үндэслэгч Жон Локк (1632-1704) нийгмийн гэрээний онолыг боловсруулж “бие хүн”, “нийгэм”, “төр” гэсэн ойлголтыг тус тусад нь авч үзэж бие хүнийг төр нийгмээс дээгүүр тавьсан байдаг.
Хүн төрөөд л амьд явах, эрх чөлөөтэй, өмчтэй байх амь ёсны эрх эдэлж эхэлдэг гэжээ. Хувийн өмч бие хүнд гэр бүлээ аваад явахад шаардлагатай бүх зүйлийг хангаж өгдөг, хувь хүний хөгжилд асар их нэмэр болдог зүйл гэдэгт бүрэн итгэлтэй байв. Тийм ч учраас түүний нийгмийн нэр хүнд өндөр байдаг. Ж. Локк төрийн гол үйл ажиллагаа бие хүний эрхийг хамгаалахад л чиглэгдэх ёстой гэж үзжээ.
Ж. Локк засгийг хууль тогтоох, гүйцэтгэх (шүүх), олон улсын харилцааг хамаарсан холбооны засаглал хэмээн хуваасан байна. Түүний үзэж байгаагаар засгийг хувааснаар аливаа дарангуйлал гарах нөхцлийг устгана гэжээ. Хууль тогтоох засгийг Ж. Локк төрийн бодлогыг тодорхойлогч хэмээн их үнэлж байв.
Ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө түүний бүтээсэн төр улсын тусгаар тогтнолоос илүү үнэтэйг Ж. Локк онцлон тэмдэглэсэн байдаг нь үлэмж их учиртай юм. Хэрэв засаглагч нийгмийн гэрээг зөрчиж олонхийэрх ашигт нийцэхгүй болсон тохиолдолд ард түмэн эрх чөлөөгөө эргүүлэн авахын тулд төртэй тэрсэлж, бослого гаргах эрхтэй хэмээн тэрээр сануулсан байжээ.
Шарль Монтескью (1689-1755) улс төрийн сэтгэлгээний сан хөмрөгт өөрийн хувь нэмрээ оруулж улам баяжуулсан ухаантны нэг билээ. Юуны өмнө тэрээр засгийг хууль тогоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт хуваагаад, засаг хуваах учир утга хүний мөн чанартай холбоотой гэжээ. Хүн эрх мэдлээ ямагт өөрийн сонирхолд нийцүүлэн ашиглэх сонирхолтой бадаг. Тиймээс засгийн салаа мөчир бүр нэг нэгээ тогтоон барьж байх онцгой чухал юм. Ингэснээр дур зоргоороо аашлах явдлыг зогсоож болно гэж Ш. Монтескью үзэж байв.

америк тивийг хэн нээсэн бэ?

Колумбын аялал
Генуя хотоос гаралтай Христофор Колумбын толгойлсон, Испанийн эзэн хааны ивээлийг хүртсэн, “Санта-Мария”, “Пинта”, “Нинья” хэмээх 3 хөлөг онгоц бүхий далайн экспедиц 1492 оны 8 сарын 3-нд өмнөд Испанийн Палос боомтоос Атлантын далай руу аялалд гарав. Энэ экспедиц нь европчуудын хувьд ид шид, үлгэр домгийн орон байсан Энэтхэг хүрэх баруун чигийн дөт замыг тодорхойлох зорилготой байжээ. Колумб эхлээд баруун өмнө зүгийг чиглэн хөвж Канарын арлууд, тэндээс баруун зүг аялан мөн оны 10 сард Багамын арлууд хүрсэн байна. Эндээсээ өмнө зүг хөвөөд Их Антилийн арлуудын хамгийн том болох одоогийн Куба аралд очжээ. Куба арлыг нээгээд дараа нь Гаити аралд хүрч, тэндээсээ нутгийн зүг жолоо залан, цор ганц “Санта-Мария” хөлөгтэйгээ Испанид буцаж очсон гэдэг. Колумб хоёр дахь, гурав дахь аяллынхаа үеэр Бага Антилийн арал, Пуэрто Рико, Ямайк арал, эцэст нь Өмнөд Америкт хүрсэн байна. Тухайн үед Колумб өөрийгөө шинэ тив нээсэн гэж мэдсэнгүй, Испаниас өрнө зүг хөвсөөр Азийн аль нэг эрэгт хүрсэн гэж бодож явж. Европ ч тэгж бодож байлаа. Энэ бол Америкийг хэзээ хэн нээсэн тухай хүн бүхний мэддэг түүх. Хүн төрөлхтөн Колумбад талархаж, жил бүрийн 10 сарын 12-ныг түүний өдөр болгосон. 1992 онд, Христофор Колумб Америкийг нээсний бүр хагас мянган жилийн ойг Дэлхий даяар тэмдэглэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Колумб ба түүний багийнхан Америкийг нээсэн анхны хүмүүс биш ажээ. Тэгвэл хэн байж таарах вэ?
Норманнуудын аялал
Эртний Исландын “Landnamabуk” (“Газар орныг (Исландыг) байлдан эзэлсэн тухай ном”), “Helendingabуk” (“Исландын тухай ном”) зэрэг туульсад “азтай” хочит Лейв Эрикссон хэмээгчээр толгойлуулсан 35 норманны Гренландаас баруун зүг хийсэн аялал болон тэдний нээсэн нууцлаг Винланд гэдэг газрын тухай өгүүлдэг байна. Норманнууд гэж хэн бэ? Манай эриний VIII-XI зууны дунд хүртэл Европийн умард болон баруун эргийн дагуух бүх газар нутгуудад айдас төрүүлж байсан, харгис догшин далайн дээрэмчдийг тухайн үеийн загалмайтны Европт норманнууд гэж нэрлэдэг байв. Энэ нь “умардын хүмүүс” гэсэн утгатай үг юм. Дээрэмчид Европийн умардад орших Скандинавийн хойг (ялангуяа Норвеги) ба Даниас гаралтай байсан учраас ийнхүү нэрийдсэн. Өөрөөр тэднийг бас викингүүд гэдэг байжээ. Нэг дэхь мянган жилийн сүүлээр норманнууд буюу скандинавчууд Францын баруун эргийн нутаг, Их Британийн хагасыг эзэлж, Атлантын далайн хойд хэсгийн Шетланд, Оркней, Гебрид, Фарерын арлууд болон Исланд бас Гренландад очиж, сууршьсан байна. Бүр Газрын Дундад тэнгист ч викингүүд дээрэм, тонуул хийж байсан баримт бий. Эндээс үзэхэд өндөр том биетэй, хүч чадалтай энэ ард түмэн бас гайхамшигтай далайн аялагчид байжээ .Харин туульсад дурдагдсан тэр учир бүтүүлэг Винланд хаана байсан талаар Европ, Америкийн эрдэмтэд 250 гаруй жилийн турш маргалдаж иржээ. Лейв Эрикссоны аялал болон Винландын тухай хамгийн анх 1705 онд дани-норвегийн түүхч Турмад Туфлеус дурдсан. Тэрээр, Винланд бол Нью-Фаундлендын арал юм гэж дүгнэсэн байхад 1757 онд Шведийн түүхч Георг Вестманн, Винланд бол Виржини (АНУ-ын муж улс), 1759 онд данийн түүхч П.Сум, Винланд нь Виржиниэс өмнө зүгт орших, усан үзэм ихээр ургадаг Каролин мужийн нутаг дэвсгэр байсан гэх мэтээр тайлбарлаж байлаа. 1812 онд түүхч М.Мальте-Брюн, Винланд бол Нью-Фаундленд гээд норманнуудын Винланд руу хийсэн аяллын маршрутыг Колумб мэдэж байсан хэмээн анх удаа мэдэгджээ. Харин Норвегийн алдарт далайчин Фритьоф Нансен Винландыг хоосон үлгэр, домог гэж үзэж байв. Гэхдээ Лейв Эрикксон бол Эрик Раудийн хүү гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд энэхүү Эрик Рауда нь нутагтаа (Исландад) хүн амины хэрэг үйлдээд, 3 жилээр цөлөгдөж явахдаа 985 онд Гренландыг нээсэн, түүхэн хүн юм. Иймээс ихэнх судлаачид “азтай” Лейвийн аялалыг бодит түүх гэж үзэж байсныг тэмдэглүүштэй.
Бусад нь
Хойд Америк болон Европын эртний ард түмнүүдийг судалсан Канадын судлаач, зохиолч Фарли Моуэт шинэ тивийг нээсэн анхны хүмүүс нь европын мөхөж, алга болсон үндэстнүүдийн нэг болох альбанчууд юм гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Түүнийхээр бол норманнуудаас даруй зуугаад жилийн өмнө альбанчууд хойд Америкт очсон аж.
Эрт дээр цагийн олон судар, шастирыг сөхөхүйд үлгэр, домог, үнэн худлын аль нь мэдэгдэхгүй зүйлс олон таардаг байна. Ийм олон “домгийн” нэг нь XVIII зуунд францын хятад судлаач Жозеф де Гиний олж, хөрвүүлсэн "Лян улсын дөрвөн хааны тэмдэглэлүүд" хэмээх хятад шастирт дурдагдсан байна. МЭ 499 онд буддын санваартан Хуэй Шэнь холын аянаас эргэн иржээ. Хуэй Шэнь Хятадаас дорно зүгт, 40 мянган ли (ойролцоогоор 10 мянган км) зайд орших том улсын тухай өгүүлж, тэр орныг Фусянь гэжээ. Мөнхүү де Гинь 1761 онд “Америкийн эрэг рүү хийсэн хятадуудын аялал” бүтээл хэвлүүлсэн бол 1865 онд өөр нэг франц “Америкийн соёл иргэншлийн буддын язгуур” ном хэвлүүлж, түүндээ майя, ацтекийн соёлын олон элемент нь магадгүй хятадуудын нэвтрүүлсэн буддын соёлын үр дүн юм гэсэн байна. Юутай ч дээрх домгийг судалсан орчин үеийн судлаачид Хуэй Шэнь үнэхээр Америкт, одоогийн Гватемалаас хойшоо, харин Калифорниос урагшаа орших газруудад байжээ гэсэн дүгнэлт хийгээд байгаа юм. Хэрэв энэ үнэн бол Хуэй Шэнь Америкийг нээсэн цор ганц ази хүн бололтой. Аристотель, Сенека, Сицилийн Диодор гэх мэт эртний Грек, Ромын түүхчид далайн дунд орших, өнөр өтгөн ой модтой, өргөн уудам гол мөрөнтэй учир битүүлэг арлын тухай дурдсан байдаг. Манай зуунд археологичид Өмнөд болон Төв Америкийн нутгаас МЭ II-III зуунд хамаарах грекийн баримал, шавар ваар, Ромын зоосон мөнгөнүүд олжээ. Бас АНУ-ын Массачусетс муж улсын эргээс МЭ IV зуунд хамаарах зоосон мөнгөнүүд олдсон байна XIX зуунд археологичид Бразилиэс финикчүүдийн үлдээсэн гэх бичгийн дурсгалыг олж, түүний жинхэнэ эсэх талаар маргалдаж байлаа. Финикчүүд бол Бага Азиас гаралтай, Газрын Дундад тэнгисийг нэг хэсэгтээ ноёрхож байсан далайн гайхамшигт ард түмэн. Өөрөөр хэлбэл тэд МЭӨ үеийн “викингүүд” байсан юм. Тэдний соёл иргэншлийн оргил үе нь Умард Африкт, одоогийн Тунисын нутагт байгуулсан Карфаген хот байсан. Дараа нь АНУ-ын нутаг дэвсгэрээс эртний бичгүүд удаа дараалан олдох болов. Тэднийг тайлбарласан нь үгүй. Невада мужаас олдсон эртний бичгийг эхлээд индианчуудынх гэж үзсэн боловч энэ нь финикийнх байлаа (зур.4). Гэх мэтээр тайлбарлагдаагүй олдворууд, үлгэр домгийн мэт мэдээ баримтууд, тэдгээртэй холбоотой таамаглалууд (магадгүй зарим нь уран зөгнөлт) олон байна. Эдгээрийг бүгдийг дурдаж баршгүй ээ.
Америкт очсон анхны хүмүүс
Тэгээд Америкийг хэн нээв ээ? Ер нь “нээсэн” гэж юу гэсэн үг вэ? Чухамдаа, өөрсдийг нь тэнд очиход таарсан нутгийн хүмүүсийг, Колумб энэтхэгчүүд байна гэж бодоод “индианчууд” гэж, харин Эрикссон “скрелингүүд” гэж нэрлэсэн байна. Тиймээс хэрэв “нээсэн” гэдэг үгийг шууд утгаар нь хэрэглэвэл бүр мянга мянган жилийн тэртээгээс, дивангарын үеэс тэнд амьдарч ирснээрээ индианчууд анхдагч болж таарна. Ортодокс шинжлэх ухаан хүнийг Африкт (эсвэл Төв Азид?) үүссэн гэдэг. Өөрөөр хэлбэл Америк тивд хүн өөрөө бий болоогүй. Тэгвэл индианчууд гаднаас очсон байх нь мэдээж. Хаанаас?
Хагас зуун мянган жилийн өмнө, Агуу их мөстлөгийн үед Ази, Америк хоёр Берингийн хоолойд хуурай газраар холбоотой байж. Өнөөгийн Төв Ази, Монголын нутгаар эрт дээр цагт амьдарч байгсад (Ч.Эрдэнэ гуайнхаар бол өвөг Монголчууд) умар зүг нүүдэллэн, одоогийн Сибирь, Якутад суурьшиж, бүр цаашаа аялан “Берингийн гүүрээр” шинэ тивд хөл тавьж, Америкт очсон анхны хүмүүс болсон билээ. Тэд бол хожим нь цагаан арьстан булаан эзлэгчдэд эрийн сайнаар нь биш харин зэвсгийн сайнаар нь дийлэгдэж, газар орноосоо хөөгдөн, дарлагдаж, зовсон, бүх индианчуудын өвөг дээдэс байсан юм. Иймээс хэрэв “Америкийг хэн нээсэн бэ” уралдааныг хэзээ нэгэн цагт зарлавал ялагчид оногдох Лаврын навч нь биднийх болж мэдэх л юм, тийм ээ? Норвегийн нэртэй судлаач, зохиолч Хельге Ингстад (1900-1991), Винланд гэдэг үг латин хэлний “vine”(“усан үзэм”)-ээс үүдэлтэй “Усан үзмийн орон” биш харин эртний германы “vin” буюу “бэлчээр”-ээс гаралтай “Бэлчээрийн нутаг” гэсэн утгатай хэмээн үзжээ. Тэгээд далайн аяллын үргэлжилсэн хугацаа, далайн урсгалуудын чиглэл ба хурд, норманнуудын хөлөг онгоцны чадвар, чансаа болон эх газрын Америкийн зүүн хойд хэсэг, арлуудын ургамал, амьтан, газарзүйн бусад өгөгдлийг туульсаас тодорхойлохыг оролдсон байна. Эдгээр өгөгдлийг орчин үеийн судалгааны үр дүнтэй харьцуулсны эцэст тэрээр Винланд бол Нью-Фаундленд арлын хойд төгсгөл, Ланс-о-Мидоуз гэж нэрлэгдэх хошуунд байна гэж дүгнэв. 1960 онд Ингстад тэндээс үнэхээр ямар нэг суурингийн туурь олжээ. 1961-1964 онд тэр 5 орны судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн археологийн экспедицийг удирдан, тэнд малталт явуулж, судалгааны үр дүнд туурийн нас норманнууд Винландыг нээж байх яг тэр цаг үетэй давхцаж буй нь тогтоогджээ. Ингээд 1964 оны намар Ингстад Нью-Йорк хотод эрдэмдтийн өмнө, дараа нь АНУ-ын конгрессын гишүүдийн өмнө илтгэл тавив. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон 10 сарын 9-нийг Лейв Эрикссоны өдөр болгон тэмдэглэх хуулийн төслийг баталснаар “азтай” Лейв шинэ тивийг нээсэн анхны хүн болж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм. Сонирхолтой нь одоо Эрикссоны болон Колумбын өдрийг аль алиныг нь тэмдэглэдэг байна. Америкийг хэрхэн нээсэн тухай албан ёсны 2 түүхийг дээр дурдсан. Гэвч шинэ тивийг хэн нээсэн бэ гэдэг асуулт өдий хүртэл судлаачдын “хэрүүлийн алим” байсаар буй. Түүхийн улбаагаар мөшгин одвол Америкийг хэн, хэзээ нээсэн байж болох тохиолдол, учралууд нэг бус мянган жилийн гүн рүү зурайж болзошгүй нь.
1503 онд “Novus Mundus” (“Шинэ Тив”) нэртэй ном хэвлэгджээ. Энэ номын зохиогч, далайчин Америго Веспуччи, Колумбын очсон газар бол Novus Mundus юм аа гэдгийг анх хүн төрөлхтөнд ойлгуулжээ. Тиймээс энэ шинэ тивийг Веспуччийн нэрээр Америк хэмээн нэрийджээ.
1995 онд хэвлэгдэн гарсан “Трой - Атлантидын нийслэл” номондоо зохиогч Костас Сократус Америкийг нээсэн хүн бол Одиссей (!) гэсэн байх юм. Сохор туульч Гомерын зохиолыг сайтар судалсны дүнд тэр ийм дүгнэлтэнд хүрчээ. Түүнийхээр бол Одиссейн төрөлх нутаг Итак нь Грект биш харин одоогийн Ямайк арал дээр байсан болж байгаа юм. Түүх, археологийн нарийн судалгаа явуулсны үр дүнд америкийн инкүүд эртний грекчүүдтэй адил нэртэй, бас соёлтой байсан гэдгийг тогтоожээ...

блог нээх дараалал



Блог яаж нээх вэ гэсэн асуултууд их ирж байгаа тул бяцхан зөвлөгөө бичихээр шийдэв.
Блог нээхэд компьютерын мэдлэг огт шаардахгүй. Танд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцахыг хүсч буй сэтгэл байхад л хангалттай. Гүүгл блоггер луу ороход тань доор үзүүлсэн дэлгэц харагдана.









Та гүүгл мэйл буюу gmail-ийн хаягтай бол түүнийгээ ашиглан нэвтрэх боломжтой. Хэрвээ тийм хаяг байхгүй бол хэн нэгэн танилаасаа gmail-ийн урилга илгээхийг хүсээрэй. Уг нь бета блоггер биш, хуучин блоггерт гүүгл хаяггүй байсан ч бүртгүүлж болдог л доо. Гэхдээ компьютер сайн мэддэггүй хүнд блогоо янзлахад бага зэрэг төвөгтэй учраас gmail-тэй болж авсан хойноо блог нээхийг санал болгож байна.

За тэгээд блоггерт бүртгүүлчихлээ. Одоо блогоо нээцгээе. Бүртгүүлсэн хаягаараа ороход дээд хэсэгт нь Create new blog гэсэн товч байгаа. Түүн рүү ороход дараахь дэлгэц гарч ирнэ.









Blog title гэдэг нь таны блогийн дээр харагдах хэсэг (Миний блогийн хувьд sinsats гэж оруулсан гэсэн үг). Blog address гэдэгт хэрэглэгч таны блогт очиж үзэхийн тулд хэрэглэгдэх хаяг. Ингэснээр таны шинэ блог www.таны оруулсан нэр.blogspot.com гэсэн хаягтай болох юм. Check availibility гэдгээр таны хүссэн нэр ашиглах боломжтой эсэх (өөр хэн нэгэн өмнө нь ийм нэртэй блог нээсэн байх магадлалтай)-ийг шалгана. Хэрэв боломжтой байвал та доор нь гарах үсгүүдийг хуулж бичээд, Continue товчийг дарахад л хангалттай.

Ингэсний дараа блогоо хүнд харагдах байдлыг нь тохируулах дэлгэц гарч ирнэ.









Зөвхөн өөрт таалагдсан биш, бусад унших хүмүүсээ ч бас бодолцож template буюу блогийн загвараа сонгохыг хүсье. Дээрх зургийн баруун дээд хэсэгт харагдаж буй хар дэвсгэртэй блог уншихад хэцүү байдаг тул сонгохгүй байсан нь дээр байх. Тэгээд аль нэг загварыг сонгоод, Continue товчийг дарахад таны блог бэлэн болж, интернэтэд байрлах болно.

Та одоо блогтоо бичлэг оруулах л үлдлээ. Блогоо нээсэн хойно харагдах байдлыг нь бага зэрэг өөрчилж, гангалах зэргийг Settings хэсэгт орж гүйцэтгэх боломжтой.

Эцэст нь дурьдахад та өөрийн блоггерын хяналтын дэлгэцийг зөвхөн англи биш, франц, герман, испани, португал, итали, япон, солонгос, хятад хэл болгож солих боломжтой.

Амжилт хүсье.